Мэдээ

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА

  Төрийн жинхэнэ албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтыг төрийн албаны шинэтгэлийн хүрээнд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт цахим системээр зохион байгуулах талаар Төрийн албаны зөвлөл, түүний 21 аймаг, нийслэлийн 22 салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нарын 119 албан хаагч цахимаар зөвлөлдлөө.

            Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам нар төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтыг зохион байгуулах үйл явцын шинэчлэл, дэвшил, шинэ системийн давуу тал, хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулж, арга зүйн зөвлөмж өглөө.

            Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд сонгон шалгаруулалтын бүх явцад ил тод байдлыг бүрэн хангаж, холбогдох байгууллагуудын хяналт дор ажиллаж байна. Ерөнхий шалгалт бүрэн цахимжсанаар тэнцэгсдийн хувь жил ирэх тусам өсч, 2019 онд нийт бүртгүүлэгчдийн 11 хувь тэнцсэн бол 2021 онд 33 хувь хүрсэн. Тусгай шалгалт авах шинэ системийг ерөнхий шалгалтын платформ дээр суурилан хийсэн учраас туршигдсан систем юм.

Улсын онцгой комисс, аймгуудын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг чанд баримтлан  мэргэжлийн хяналт, цагдаа бусад холбогдох байгууллагын хяналтыг хангаж, шалгалтын комиссыг төрийн мэргэшсэн албан хаагчдаар бүрдүүлэн, иргэдэд чирэгдэлгүй зохион байгуулахыг салбар зөвлөлүүдэд анхааруулав.

Төрийн албаны зөвлөлөөс орон нутаг танхим, техникийн бэлэн байдлыг маш өндөр түвшинд хангах нь чухал гэдгийг онцлоод захиалга, зар, бүртгэл, шалгалт авах, дүнг мэдээлэх гээд бүх үйл явц цахимаар явагдана. Шалгуулагчид, комиссын гишүүд, иргэд гээд бүх талаас хяналт тавих, мэдээллийг нээлттэй харах боломжтой.  

Ковидын хуулиар томилогдсон хүмүүст давуу эрх байхгүй. Нөөцөд байсан иргэнийг Ковидын хуулиар томилсон ч бусад шалгуулагчдын адил тусгай шалгалтаа өгнө. Иргэдээс ирсэн асуулт, өргөдөл гомдолд түргэн шуурхай хариулт өгч явахыг зөвлөмж болголоо.  

 

Аймаг, нийслэлийн салбар зөвлөлүүдийн бэлэн байдлаас шалтгаалж, шалгалтыг үе шаттай зохион байгуулах юм. Сорилын хувьд Удирдлагын академийн эрдэмтдийн тусгай баг ажиллаж боловсруулсан бөгөөд хөндлөнгийн зөвлөхүүд арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилласан байна.

Тусгай шалгалтын шинэ системийг Төв, Ховд Дорнод аймагт туршихад, ямар нэгэн зөрчил, доголдолтой зүйл гараагүй байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.